Түүхэн замнал

  1. 1.    Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбар, байгууллагын үүсэл, хөгжил дэвшил, түүхэн замнал

Монгол улсын эрүүлийг хамгаалахын  үүсэл, хөгжлийн нэгэн түүхт хэсэг үе бол Хөвсгөлийн хязгаар нутгаас эхтэй билээ.  Монгол оронд өрнөсөн ардын хувьсгал Сэлэнгэ нутаг, Хиагтаас эхтэй ч Хөвсгөл нутгийг нэгэн адил хамарч, 1921 оны 5 дугаар сард Зөвлөлтийн армийн зарим ангиуд Монгол улсын хойд хилээр нэвтрэн орж ирж, Барон Унгерний цэргээс хязгаар нутгийг чөлөөлж, хил залгаа Монголын ард түмэнд тусалсан билээ. Зөвлөлтийн цэргийн хорооны штаб Хөвсгөл далайн хөвөөнөө орших Хатгалд байрлаж байжээ. Энэхүү чөлөөлөх армийн ахлах эмчээр Александр Павлович Горяев гэдэн цэргийн эмч явсан бөгөөд А.П.Горяев хожмын дурдатгалдаа: <<Би тэр үед цэргийн ахлах эмчээр ажиллаж байв. Зөвлөлт Монголын армийн дайчид, шархдагсдад эмнэлгийн тусламжийг үзүүлэхээр мориор уул, талыг гатлан явж үйлчлэх ажил надад ногдсон юм. Улаан армийн дайчдыг ардууд халуун дотноор угтаж, хамгийн тарган хонио гаргаж дайлдаг байлаа. Би Монгол нутагт орж ирээд ардуудад онц хэрэгцээтэй байгаа эмнэлгийн газрыг зохион байгуулахаар шийдэж, эмнэлгийн хоёр салбарыг байгуулан цэргийн ангиас хоёр бага эмийг гарган нэг салбарыг Ханхад, нөгөө салбарыг Хатгалд байгуулсан юм. Эмнэлгийн хоёр салбарт өвчтнийг эмчлэх эм хангалттай байсан боловч эхний үед эмчлүүлэх өвчтнийг эрж сурах, айлаар орох болов. Дараа нь орчуулагчаар дамжуулан эмнэлэгт ирж үзүүлэх тусламж авахыг урилаа.Өвчтнийг эмчилсэн эмчилгээний үр дүн сайн болж, тэдэнд аятай таалагдсан учир Орос эмчээр өвчтнөө эмчлүүлэх хүмүүс олширч, тэдний итгэлийг нь хүлээх болсон юм>> гэж бичсэн байдаг. Энэхүү түүхт хүнтэй 1975 оны 6 дугаар сард Монгол улсын Эрүүлийг хамгаалах Яамны сайдын албыг олон жил хашсан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, улсын хүний гавьяат эмч Г.Туваанжав гуай хэрэг болгон очиж, нүүр тулан уулзаж, хуучилснаа хожим бичсэн ”Эрүүл хамгаалах албанд” номондоо <<Манай оронд анагаах ухааны эмнэлэг 1921 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Хатгал, Ханхад бага эмчийн хоёр салбарыг Зөвлөлтийн их эмч Федоров (Хатгалд), Петров (Ханхад) нар байгуулснаар эх сууриа тавьжээ>> гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

1921 онд А.П.Горяеваас гадна орос эмч нар ажиллаж байсныг доорх баримтууд бас нотолно. Үүнд: “Хөвсгөл аймгийн товч түүх” номонд <<Хөвсгөл аймгийг цагаантны зандалчдаас чөлөөлөхөд ардын журамт цэргийн хамт Зөвлөлтийн цэргийн нэрт жанжин К.К. Рокоссовскийн командалсан Зөвлөлтийн улаан армийн морин хороо, Сибирийн алдарт партизан, ардын засгаас Төмөрбаатар жанжин цолоор шагнагдсан П.Е. Щетинкиний отряд Златоусын 26 дугаар дивизийн их бууны 227 дугаар хороо, хороонй эмч А.П.Горяев, А.В.Бурдуков, Г.М.Козлов нарын гавьяат үйлсийг Хөвсгөлчүүд мөнхөд нандигнан хадгалж, түүхэндээ бахархан тэмдэглэж байна>> гэсэн байдаг. Мөн <<Хүүхэд залуучуудын нэвтэрхийн толь>>-ийн 1986 оны 2 дугаар дэвтэрт тайлбарлахдаа: “Ардын хувьсгалын эхэн үе 1921 онд Түнхэн-Хатгалын чиглэлээр нийтийн дайсан Унгерний дээрэмчдийг устгахаар ирсэн Улаан цэргийн эмч А.П.Горяев Ханх, Хатгалд Европ эмнэлгийн салбар ажиллуулж, тус аймагт орчин үеийн эмнэлгийн үндэс суурийг тавьсан. Хожим 1929 онд тэдгээр салбарыг больниц болгон өргөтгөсөн байна ” гэж бичсэн байдаг.

Монгол улсын эрүүлийг хамгаалахын түүхийг үзвээс хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр 1925 оноос Орос Зөвлөлтийн цөөн тооны эмч нар манай улсад ирж, Европ эмнэлгийн тусламж үзүүлж  байсан тухай тэмдэглэгдсэн байдаг билээ. Иймд дээрх бүх баримтуудаас харахад Монгол улсад Европ эмнэлгийн үүсэл, хөгжил Хөвсгөл хязгаар нутгаас тэр дундаа Хатгал, Ханх сумдаас эхтэй гэдэг нь нэгэнт тодорхой байгаа тул нийтээр хүлээн зөвшөөрч, цаашид улсын эрүүлийг хамгаалахын түүхэнд албан ёсоор оруулах нь зүй ёсны хэрэг болохыг энд тодотгон тэмдэглэж байна.

  1. 2.    Эрүүл мэндийн салбар, байгууллагын үйл ажиллагаа, ололт амжилт, үйл явдлын товчоог дараах үе шатуудад хуваан авч үзэж  байна.
    1. 1.    1921-1940 онуудад

1921 оны чөлөөлөх тулалдаан хийх үед “Хөвсгөл хязгаарын хэргийг эрхлэх ардын түр Яам” нэртэй орон нутгийн анхны засаг захиргааны байгууллага Хатгалд бий болж, тэнд төлөөний түшмэлийг томилон суулгажээ. Ийнхүү Хатгал аймгийн анхны төв болох эхлэл тавигдсны дээр газар зүйн байршлын хувьд тухайн үед аймгийн хөгжилд онцлог нөлөөтэй байсан нь доорх түүхэн онцлог нөхцлүүдтэй холбоотой юм.  Монгол улс нь Манжийн олон зуун жилийн ноёрхолоос  ангижирч, үндэсний тусгаар тогтнолооо олсон түүхэн үе  хэдий ч дотоодын хямрал зөрчил ихтэй байсан тул Монголын хил залгаа нутгуудаар өөрийн нөлөөллийг бэхжүүлэх бодлого баримталж Хаант Орос улсаас хилийн худалдаа, харилцааг зориудаар түлхүү оруулах болжээ. 1921 онд Хатгалд 150 орчим оросууд, худалдаачид байсан түүхийн баримт бий. Мөн 1910 оноос Ханх, Хатгалын хооронд Хөвсгөл нуураар усан замын тээвэр хийж эхэлсэн бөгөөд 1912 онд Хатгалын Цахир толгойн өвөрт Оросын худалдааны зах нээгдэж, Гаалийн хороо байгуулагдан Монд-Хатгал-Улиастайн утсан холбоо тавигджээ. Турт, Хатгалд Оросын худалдааны төвүүд нээгдэж, бараа нийлүүлэх явдал жилээс жилд нэмэгдэж сүүлдээ Зөвлөлт Орос улсаас Хөвсгөл, Завхан аймагт үйлчлэх худалдааны дамжлага баазын эх суурь болсон юм. Энэ бүхний дүнд Хөвсгөл хязгаар нутагт Зөвлөлт Орос улсын нөлөө, соёл давхар нэвтэрч Ханх, Хатгалын иргэд хил залгаа энэ том оронтой харилцах, худалдаа эдийн засаг, гадаад харилцааны нөлөө бүхий онцлогтой газар болсон байлаа. Нөгөө талаас Ханх (Турт), Түнхэнтэй залгаа нутаг тул хоёр талынхан ах дүүтэйгээ уулзах, зочлох сайн хөршийн харилцаа хэзээнээс нааш байсаар ирсэн. Түүнчлэн эмнэлгийн яаралтай тусламж шаардагдах юмуу эмнэлэгт зайлшгүй хүргэж эмчлүүлэх өвчтөнг Түнхэний эмнэлэгт хүргэх буюу тэндээс эмч дуудах зэрэг орон нутгийн давуу боломжийг хүний эрүүл мэндийн төлөө ашиглаж ирсэн ба энэ нь эдүгээ ч гэсэн хоёр орны найрсаг харилцааны үр дүнд үргэлжилсээр байна.

1923 онд Хатгалд байгуулагдсан Сибгосторгийн салбарын орос эмч нар ойр орчмын ардууд, бага сургуулийн сурагчдад эмнэлгээр үйлчилж байсан байна.

1924 онд Эрхүүгийн их сургуулийн шинжилгээ судалгааны  экспедици Хөвсгөлийн чиглэлээр нэвтрэн орж эмийн ургамал, рашаан халуун усны хайгуул шинжилгээний ажил хийхийн сацуу нутгийн ард олонд Европ эмнэлгийн үзлэг хийж, эмийн эмчилгээ, цэцэг мэтийн халдварт өвчний сэргийлэх тарилга хийж явжээ.

1927 онд Зөвлөлтийн эмч Г.В.Ивицкийн удирдсан эмнэлэг-ариун цэврийн экспедици тэр үеийн Архангай аймгийн хойд талын сумд одоогийн Жаргалант,Галт, Шинэ-Идэр сумдаар ажиллаж яр, хүйтэн,дотрын өвчин,огтлох, эсгэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ үед өнгөний өвчин хүн амын дунд маш тархмал байжээ. Хөвсгөл хязгаарын Ханх, Хатгал нутгийн ард  түмэн хувь заяаны эрхээр Европын шинжлэх ухааны эмнэлгийн ая тусыг эн түрүүн мэдэрч, орос эмнэлэг, эмч нараа шүтэн биширч, Монголд хамгийн түрүүнд шарын шашны нөлөөллөөс ангижрах үүд хаалга нээгдсний дээр, аймгийн Яамнаас Засгийн газарт Хатгал, Ханхын эмнэлгийг бэхжүүлэн сайжруулах хүсэлт тавьсны дагуу 1920-иод оны сүүлчээр, Зөвлөлтийн эмч нар ирж, эмнэлгийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлсэн юм.

Аймгийн болоод эрүүлийг хамгаалахын түүхийн баримт бичигт Хөвсгөлд их эмчийн эмнэлэг байгуулагдсан тухай олонтоо гардаг бөгөөд “Хөвсгөл аймгийн товч түүх” номонд <<Турт, Хатгалд байсан бага эмчийн салбарыг өргөтгөж 1929 оны 5 дугаар сард 3 гэр, 15 ортой больницыг Зөвлөлтийн мэргэжилтэн М.П.Стаников, Н.В. Станикова, А.В.Тулунова нар анх байгуулахад улсаас 14 мянган төгрөгний төсөв батлан өгчээ>> гэж бичсэн байдаг. Дээрх баримт нь их эмчийн эмнэлэг хэлэхийн зэрэгцээ өмнө нь ажиллаж байсан бага эмчийн салбар тэр газар үйл ажиллагаагаа явуулсаар ирснийг давхар нотолж байгаа юм. Хөвсгөл аймгийн 1932 оны улстөр ба аж ахуй соёл, боловсролын тухай товч тайлан илтгэлд << Манай аймгийн төв, Ханх, Мөрөн, Ренчинлхүмбэ эдгээр 4 газруудад эрүүлийг хамгаалахын салбарууд буй болсон боловч эдгээр нь ойрын сумдад нөлөөлж чадаагүй байна.

Хөдөө нутагт ард түмний биед элдэв халдвартай буюу галзуу ухаан мэдрэлгүйгээс эхлэн янз бүрийн өвчин асар үлэмж бөгөөд олон түмэн ардуудаас туйлын их өгүүлэл гаргаж буйд аймгийн төсвийн доктор Станиковд ойрын сумдад явж, элдэв өвчнийг үзүүлэх, эмнүүлэх тухай эл учрыг хэлэх……>> гэх мэтчилэн дурьдсан байдаг. Энэ үед Хатгал Хөвсгөл аймгийн төв байсан ба дээрх бүх тэмдэглэлээс харахад 1932 онд манай аймаг 4 суманд эмнэлэгтэй байсныг гэрчилж байна. Хатгалын эмнэлэг байгуулагдсны дараахан буюу 1931 онд Зөвлөлтийн их эмч Д.Д.Минкеев гэр бүлийн хамт Мөрөнгийн эмнэлгийг байгуулснаар одоогийн аймгийн нэгдсэн эмнэлгийн үндэс суурь тавигдсан билээ.

1933 оны 1 сарын 13-ны өдрийн 2 дугаар тогоолоор Хөвсгөл аймгийн төв Хатгалаас Мөрөнд шилжсэн нь аймгийн эмнэлгийн хөгжилд ихээхэн нөлөөлсөн байна. 1935 онд ЗХУ-д Хүн эмнэлгийн техниккумыг манай улсаас дүүргэсэн анхны арван төгсөгчийн нэг, Монголын анхны бага эмч Цэрэндашийн Дэмид тус аймагт томилогдон ирж, Ренчинлхүмбэ сумын бага эмчийн салбарыг үүсгэн байгуулсан юм. Ц.Дэмид нь  дараа нь их эмч, анагаах ухааны дунд сургуулийн багш болоод 1965 онд БНМАУ-ын  “Хүний гавьяат эмч” эрхэм хүндтэй цол хүртсэн билээ.

Мөн энэ онд Улаанбаатарт хүн эмнэлгийн техникумын анхны төгсөлтөөр 8 хүн дотооддоо бэлтгэгдэхэд ууган бага эмч нарын нэг болох Сономын Равжаа Хөвсгөл аймгийн Намнан суманд бага эмчийн салбарыг ажиллуулж эхэлсэн түүхтэй бөгөөд тэр үеийн Намнан сумын эмнэлгийн салбар нь Тариалан, Тэшиг зэрэг 5-6 сумыг харьяалж байжээ. Сүүлд Намнан сум нь Булган аймагт шилжсэн юм. Техникумын 1935 оны төгсөгчдийн дотор манай аймгийн иргэн, хожим нь Монголын нэрт мэдрэлийн эмч, профессор болсон Г.Лодон байжээ.

Монгол оронд ардын хувьсгал ялсан түүхт өдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагын салшгүй нэг хэсэг болох эм хангамжийн байгууллага  тус аймагт 1935 онд Зөвлөлтийн мэргэжилтэн М.Солмон, Ж.Иоф нарын оролцоотойгоор аймгийн төв Мөрөнд 3 хүний орон тоотойгоор салбараа нээжээ.

Аймгийн эрүүлийг хамгаалах 1937 оны 9 дүгээр сард байгуулагджээ. Тэр болтол эмнэлгийн ажлыг аймгийн Яамны дарга, ерөнхий хэлтэс хариуцсан удирддаг байлаа. Энэ тухай Хөвсгөл аймгийн Яамны 1938 оны ажлын тайлан илтгэлд тэмдэглэхдээ” Намын төв хороо ба ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан 26 дугаар хурлаас тус улсын ард түмний биеийн эрүүл мэндийг боловсон ёсны эмнэлгээр хамгаалан хөгжүүлэхийн тулд гаргасан тогтоолыг үндсэн мөрдлөг болгон өнгөрсөн 9 дүгээр сард тус аймгийн ард түмний эрүүл мэндийн асуудлыг хариуцсан тусгай орон тоо бүхий Хэлтсийг байгуулсан ба боловсон эмнэлгийг шүтэх, бишрэх явдлууд өдөр бүр өргөжиж, эмнэлгийн байгууллагуудыг олшруулж, эмийн аптекүүдийг элбэгшүүлэх, элдвээр туслах явдлууд зуун хувь хөгжиж, ард түмэн хүрээлэн тойрч чадсан байна” гэжээ.

Эмнэлгийн хэлтсийн анхны даргаар Гүржав томилогдон ажиллаж байжээ. Хэлтсийн анхны удирдлагууд эмнэлгийн мэргэжлийн бус хүмүүс байсан бөгөөд тэд Зөвлөлтийн эмч, мэргэжилтэн нарын удирдамж, зөвлөмжийн дагуу ажлаа явуулдаг байсныг он оны ажлын тайланд дурдагдсан байдлаас харагдаж байна.

1936 оны үед одоогийн Шинэ-Идэр сумын төвийн голын урд дэнж дээр гэр барьж, амбулатори хэлбэрээр ард олонд үзлэг, эмчилгээ хийж эхэлснээр Чандмань сумын эмнэлгийн суурь тавигдсан билээ. Чандмань сумын анхны эмчээр Очиржав гэдэг Архангай аймгийн залуу томилогдон ирж ажиллаж байжээ. Чандмань сум нь засаг захиргааны нэгжийн хувьд Архангай аймагт харьяалагдаж байсан бөгөөд хожим нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум болсон билээ.

1937-1939 онд эмч К.С.Яковлев аймагт эмнэлэг дээр өвчтөнг оношлон, эмчлэх их ажлын зэрэгцээ орон нутагт хүн эмнэлгийн санитар нарыг бэлтгэх курс нээн, сурган төгсгөжээ. Анхны санитар нар хоцрогдсон хязгаар нутагт Европ эмнэлгийн суурийг тавьж шинэ үйлсийг эхлүүлж өгснөөрөө түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Тэр үед 3 сарын хугацаатайгаар 2 удаагийн түр курсээр бэлтгэгдсэн санитар нарыг сумдад хуваарилан ажиллуулж байсан. Жишээ нь: Их-Уул суманд Намсрай, Эрдэнэбулган суманд Гиваасүрэн, Тосонцэнгэл суманд Дамбадаржаа, Төмөрбулагт Дамбасүрэн, Баян-Уулд Чойжил, Бүрэнтогтоход Баянмөнх, Цагаан-Уулд Гомбо, Бүрэнхаанд Санж, Улаан-Уулд Дашсамбуу, Баянхайрханд Хаянхярваа, Арбулагт Долгор, Баянзүрхт Лувсандамба, Чандмана Өндөрт Регзэдноров, Рашаантад Цэрэндорж нарыг тус тус томилон ажиллуулж байжээ.

  1. 2.    1941-1960 онуудад

Хөвсгөл аймгийн эмнэлгүүдийн гол гол үзүүлэлтүүдийг ажлын тайлангуудаас харахад эмнэлгийн тусламж үйлчилгээ авагчдын тоо жил ирэх тусам ихсэж  эмнэлэгт хандах ард иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт орж байгаа хэдий ч голдуу өнгөний өвчний улмаас эмчлүүлсэн хүний тоо нь харьцангуй их байгаа нь урьдчилан сэргийлэх ариун цэврийн асуудал ард иргэдийн дунд тулгамдсан асуудал болж байлаа. Иймд Ариун цэвэр соёлжилтийн асуудалд нам, засгаас ихээхэн анхаарах болж 1941 оны 6 сараас Аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн дэргэд ариун цэврийн орон тооны байцаагчтай болж, Цагаан-Уул сумын засаг дарга байсан Жадамбыг томилон ажиллуулж байжээ.

1941 оноос үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайны нөлөө Монгол орны хөгжил, түүний дотор хүн ардын эрүүлийг хамгаалах салбарт нэгэн адил хүндээр тусч, бодит бэрхшээл учруулж байсан хэдий ч Зөвлөлт ах нарын хөдөлмөр зүтгэлээр эмнэлгийн ажил ухралтгүй урагшилж байлаа.

1941-1942 онд Бүрэнхаан, Цагаан-Уул сумдад бага эмчийн салбар, Хатгал, Тариаланд эмийн сан нээгдэж, 1945 он гэхэд аймгийн хэмжээгээр их эмчийн салбар 1, бага эмчийн салбар 19, эмийн сан 3 ажиллах болов.

Дайны жилүүдэд эмнэлгийн байгууллагуудад ард түмэн хөрөнгө хуримтлуулж эмнэлгийн барилга барих, засварлах ажил тасралтгүй өрнөсөөр байлаа. 1945 онд Их-Уул сумын ард иргэд 17 мянган төгрөг хуримтлуулж эмнэлэгтээ тусалж байжээ.

1945 оноос 1949 он хүртэл аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн дэргэдэх ариун цэврийн байцаагчаар бага эмч Цогт-Очирын Лхамсүрэн ажиллаж байжээ. Аймгийн эрүүлийг хамгаалах салбарын баялаг түүхтэй ахмадуудын нэг бол Чултэмийн Чойдаш юм. Ч.Чойдаш нь 1909 онд Ренчинлхүмбэ сумын нутагт төрсөн бөгөөд 1936-1937 онд Улаанбаатар хотод Хүн эмнэлгийн техникумд суралцаж анхны төгсөгчдийн нэг болсон ба тэрээр өөрийн аймгийн  Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Тариалан,Ханх, Мөрөн зэрэг олон сумдаар дамжин идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан билээ. Ч.Чойдаш нь 1943-1948 оны хүнд хэцүү жилд аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг биелүүлж байжээ. Түүнийг хэлтсийн даргаар  томилогдсон анхны мэргэжлийн хүн гэж баримт бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд түүний эхнэр Жамбын Сүрэн мөн түүхтэй ахмад сувилагч болохын дээр аймгийн хэлтэст зааварлагч, байцаагчийн алба хашиж байсан байна.

Ард иргэдэд олон улсын улаан загалмайн байгууллагын зорилго үүргийг сурталчлан таниулах нь дайны үед чухлаар тавигдаж байсан бөгөөд Аймгийн намын хороо, Аймгийн Яамны тэргүүлэгчдийн 7/5 дугаар тогтоолоор  “Улаан хэрээстийн эвлэл”-ийг / Одоогийн улаан загалмайн нийгэмлэг/ байгуулж аймгийн хорооны даргаар эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга Гүржавыг хавсруулан томилжээ. Энэ үеэс УЗН-ийн байгууллагын ажил, удирдлага Эрүүлийг хамгаалах хэлтсийн хамт явж ирсэн байна.

1946 оны аймгийн захиргааны 4 дүгээр бага хурал дээр аймгийн Ерөнхий Адьяагийн тавьсан илтгэл болон жилийн ажлын тайлангаас үзэхэд тухайн үед цэргийн насны идэрчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахд олонх нь өнгөний өвчинтэй байсан тухай дурьдагдсан байна.

1946 оны хавар аймгийн төвд сестра нарыг бэлтгэх курсыг аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсээс зохион байгуулан, Зөвлөлтийн эмч Ч.И.Уханова удирдан явуулж, нилээд тооны хүмүүсийг багийн сувилагчаар бэлтгэн гаргажээ. Бүх сумдад бага эмч, сувилагчтай болсны дараа зарим багуудад энэ үеэс сувилагч нэмж ажиллаж эхэлсэн байна.

1946 онд аймагт анхны түргэн тусламжийн  Америк хийцийн машинтай болж, 2 жилийн дараа Оросын “Полу” тэрэг дуудлаганд явах болжээ. Мөн энэ оноос эхлэн Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх тарилга хийж эхэлсэн нь өвчлөлийг бууруулах нэгэн дэвшилтэт ажил болсон байв.

1946 оны 7 сарын 1 нээс Шинэ Чандмань сумын эмнэлэг өргөжин, тусдаа барилгатай хэвтүүлэн эмчлэх 4 ортой “Бага эмчийн салбар” болон өргөжсөн ба салбарын анхны эрхлэгчээр урд нь Чандмань сумын эмнэлэгт ажиллаж байсан нутгийн уугуул бага эмч Чоймпоролын Чойжил томилогдож, сувилагч Лхан-аа, Б.Рендаваа нар туслах эмчээр ажиллах болжээ.

Чандмань-Өндөр суманд Булнайн рашааны газрыг сувилал болгон тохижуулж, эрхлэгчээр нь бага эмч Бадамын Соном 1947 оноос хойш олон жил ажиллаж, өвчтөнд эмчилгээ сувилгаа хийж байсан байна.

1948 онд аймгийн төвд арьсны өвчтэй өвчтнийг эмчлэх тасаг Зөвлөлтийн эмч нарын удирдлагаар байгуулсан байна. Энэ тасаг нь өвчтнийг эмчлэх болоод гэрээр тариа хийх аргын аль алинаар эмчлэх болж, эмчилгээний үр дүнтэйг ард олон хэдий нь мэдэх болжээ. Эмчилгээний анхны сувилагчаар Загдсамбарын Должин олон жил ажилласан байна.

Аймгийн төвийн эмнэлэгт мэргэжлийн эх баригч 1945 оноос ажиллах болж, төрөх тусламжийн чанар дээшилсэн. Амаржих эхэд эх баригч нар гэрээр нь очиж мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болсны дээр эмнэлэгт төрөлтийн хувь 1948 он гэхэд 22-28 хувьд хүрсэн байна.

Аймгийн больницод курсын хийсэн анхны лаборанттай болж Пэрэнлэйн Янжин ажиллаж байсан бөгөөд клиник шинжилгээг оношлогоонд ашиглаж эхэлсэн байна.

1949-1951 он хүртэлх аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн дэргэд ариун цэврийн ажил хариуцсан байцаагч бага эмчээр Догоогийн Дагвадорж ажиллаж байжээ.

Аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн даргын амжилттай сайн гүйцэтгэж ирсэн аймгийн үндэсний сэхээтний нэг бол Санж-Ёндонгийн Дамдинжав билээ. Үндсэн захиргаа Төмөрбулаг сумынх бөгөөд 1919 онд төрсөн, 1938-1941 онд УБ хотын техникум төгсөөд Арбулаг, Идэр, Зүрх, Төмөрбулаг сумдад эмчийн ажил хийж байгаад 1948-1950 онд хэлтэс дээд мэргэжлийн хүртэл эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Дамдинжав дарга нь ажлаа сайн мэддэг, тухайн үедээ сайн боловсорсон, гүндүүгүй, нуруутай нэгэн байсныг хамт ажиллаж байсан ахмадууд нь дурсан ярьдаг юм. Энэ хүний бичгийн их чадвартай болох нь худам монгол бичгээр өөрийн гараар тун чадамгай татсан бичиг баримтууд нь аймгийн архивт хадгалагдан үлдсэн байдаг юм.

Тус салбарын бас нэгэн түүхтэй ахмад бол Чоймпэрэлийн Чойжил юм. Ч.Чойжил нь 1912 онд  Шинэ-Идэр суманд төрсөн бөгөөд багадаа хүрээ хийдэд шавилан сууж байгаад цаг хувьсч ардын цэрэгт татагдан очоод цэргийн газар хүн эмнэлгийн зааварлагч болжээ. Ч.Чойжил нь дайны үед цэрэг, шархдагсдад эмнэлгийн тусламж үзүүлэх халуун цэгт албан үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд цэргээс халагдаж ирээд Жаргалант, Шинэ-Идэр сумдын бага эмчийн салбарт ажиллаж байсны гадна, аймгийн эрүүлийг хамгаалах хэлтэст зааварлагч, байцаагч, орлогч даргын албыг олон жил идэвхи чармайлттайгаар гүйцэтгэж байсан байна. Ч.Чойжил нь 1948 онд хэлтэст зааварлагчаа ороод 1960 онд хэлтэс өргөжин аймгийн эрүүлийг хамгаалах газар болоход аж ахуй эрхэлсэн орлогч даргаар томилогдон ажиллаж байжээ. Тэрээр олон даргын нүүр үзсэн, аймгийн эмнэлгийн салбарын ажлыг гаргуун сайн мэддэг ахмадын нэг байлаа. Дараа нь Шинэ-Идэр сум дундын эмнэлэгт олон жил ажиллаж, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэхэд хүчин зүтгэж явсан билээ.

1950 он гэхэд Зөвлөлтийн эмч нарын үүсгэн байгуулсан эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч, аймаг өөрийн үндэсний сувилагч, дунд мэргэжилтнүүдтэй, аймгийн больниц гэхэд амбулатори, төрөх, арьс өнгөний эмчилгээний эргүүлийн болоод тарилгын, мөн ахлах бага эмч гээд 10-аад бага эмч, сувилагчтай болсон байсан байна. Анхны рентген гэрлийн аппараттай болж техникчээр нь Лхасүрэнгийн Доржгочоо ажиллаж байжээ.

1950 он оноос анагаах ухааны факультетад элсүүлэх оюутны тоог нэмэгдүүлэн, эмчийн хангажийг сайжруулах арга хэмжээ авч эхэлсэн байна. Энэ үеэс хөдөө аймгуудыг дээд мэргэжлийн чадвартай боловсон хүчнээр хангахад онцлон анхаарч, 1950 онд их эмч Өлзийбалын Готовыг аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга бөгөөд эмнэлгийн Ерөнхий эмчээр томилон ирүүлжээ. Түүний орлогчоор өмнө нь ажиллаж байсан бага эмч Ё.Дамдинжав ажиллаж байжээ. Ө.Готов нь МУИС-ын анагаах ухааны факультетийг 1948 онд дүүрэгсэн 2 дахь төгсөлтийн 14 эмчийн нэг, аймагтаа бол мэргэжлийн анхны эмч байжээ. Түүний удирдлагаар аймгийн эмнэлэгт зохион байгуулалтын олон шинэ ажил  хийгдэж, эмнэлгийн нэр хүнд олон түмний дотор мэдэгдэхүйц дээшилсэн байна. Энэ үед Мөрөнгийн больниц дээр мэс заслын тасгийг Зөвлөлтийн эмч И.П.Кондратюк анхлан нээж, олон арван хүнд мэс заслын эмчилгээ хийж, европ эмнэлгийн гайхамшгийг харуулан олон түмний талархалыг хүлээх болжээ.

1950 оны 6 сард Архангай аймагт аймаг дундын больниц байгуулагдаж түүнд нь манай аймаг харьяалагдах болжээ. Аймаг дундын больницыг түшиглэн эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх болж, тус аймгаас анхны эх баригч-сувилагч нарыг мэргэжил эзэмшүүлснээр үндсэндээ сум бүр мэргэжлийн эх баригчтай болжээ.

1953 онд улсаас нарийн мэргэжлийн эмч нараар хангах бодлого барьж анхны 4 сарын курсээр цөөхөн эмч бэлтгэсний дотор Монголын эрүүлийг хамгаалах салбарын нэрт төлөөлөгч Жамьяны Аминдаваа төгсч, энэ оноос тус аймагт хэлтсийн дарга, мэс заслын үндэсний их эмчээр ажилласан түүхтэй юм. Энэхүү курсыг төгссөн Чимидын Нанзад дараа нь тус аймагт ирж мэс заслын их эмчээр ажиллаж энэ салбарыг хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

1950 оноос аймагт Сүрьеэгийн нянгийн эсрэг үйлчилгээтэй эмнүүд эмчилгээнд нэвтэрч өвчлөл, нас баралт, хүндрэлийн хувь буурчээ. 1952 оноос аймгийн больницын дэргэдэх сүрьеэ өвчтэй хүмүүсийг сувилах “Айргийн эмнэлэг” жил бүрийн зун ажиллах болжээ.

1952 оноос эрүүлийг хамгаалах хэлтсийн дэргэд ариутгалын тасаг байгуулагдав. Энэ нь халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ явуулах үүрэгтэй байсан бөгөөд 1957 оноос өргөжин 4 хүний орон тоотойгоор ажиллаж, ахлагчаар нь бага эмч Ренчингийн Цэрэн-Очир томилогдон ажиллаж байжээ.

1953 оны аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын тайлан, төлөвлөгөөний биелэлтээс харахад 2 амбулатори, 2 больниц 100 ортой, 1 рентгений тасаг, 2 их эмчийн салбар 40 ортой, 25 бага эмчийн салбар 105 ортой, айргийн эмнэлэг 10 ортой, 10 эх барих салбар 22 ортой, 3 хүүхдийн ясли 80 ортой, 2 сүүний газар, 1 халдвартын станц, 21 аптек гэсэн байгууллагуудад 5 их эмч, 35 бага эмч, 13 эх баригч, 279 сестра нийт 70 шахам эрүүлийг хамгаалах байгууллагад 332 гаруй боловсон хүчин ажиллаж жилдээ 151000 үзлэг хийж байжээ.

1953-1954 онд аймгийн хэмжээгээр арьс  өнгөний өвчин илрүүлэх 2 дахь отрядын үзлэг явагдаж өвчлөлийн хувь өндөр байсан тул улсаас зориуд анхаарч өмнө нь эмчилгээ хийж байсан тасгийг өргөтгөн, аймгийн төвд өнгөний өвчний больниц байгуулжээ. Энэ больницын их эмч, эрхлэгчээр хожим нь манай улсын эрүүлийг хамгаалах салбарын багш, эрдэмтэн болсон Чүлтэмийн Чүлтэмдорж, Бавуугийн Лувсаннорв нар ажиллаж байжээ. Аймгийн эмнэлгийн ууган ажилчны нэг бөгөөд анхны их эмч нарын нэг Дамбын Дашдорж энэ албанд олон жил хүчин зүтгэсэн манай салбарын ахмад түүхтэй эмч байлаа. Д.Дашдорж эмч арьс өнгөний больниц, диспансерийн эрхлэгч, эмчээр 1957-1972 он хүртэл тасралтгүй ажиллаж, энэ албаны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Аймгийн ууган эмнэлгийн нэг Алаг-Эрдэнэ / Хатгал / суманд 1954 оны цөөн төгсөгчийн нэг  их эмч Дашцэрэнг томилон ажиллуулжээ. 1955 оноос улсын хэмээгээр анагаах ухааны салбарыг нэлээд тооны их эмч нар төгссөний дотор манай аймагт Ц.Тажаа, Н.Гэндэнжав, Б.Чойдог, Д.Нямдорж, Л.Цэрэнсоном нар хуваарилагдан ирж ажиллаж байжээ. Тэднээс Б.Чойдог Шинэ-Идэр, Н.Гэндэнжав Тариалан сумдад их эмчийн анхны салбарыг байгуулж байжээ. Дараа нь Н.Гэндэнжав аймгийн эмнэлэг дотрын эмчээр, Ц.Тажаа мэс заслын эмчээр ажиллаж байв.

1955 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 176 тоот тушаалаар Шинэ Чандмань суманд 15 ортой их эмчийн салбар байгуулахаар шйидвэрлэсэн бөгөөд анхны эрхлэгчээр нь Боовонгийн Чойдог эмч томилогдон ажиллаж байжээ.

Рашаант сумын  уугуул Л.Цэрэнсоном 1957 онд нарийн мэргэжил олгох эхний курсыг төгсөж аймагтаа ирж эх барих эмэгтэйчүүдийн тасгийг анхлан байгуулж, мэргэжлийн тусламжийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг юм. 1957 оны төгсөлтийн их эмч нараас Н.Равданг / Гэрлийн анхны эмч болсон/ Цагаан-Уул суманд, Л.Мягмарыг / хожим АУДС-ын эмзүйн тэнхимйн эрхлэгч, доктор, профессор болсон/ Тариалан сумын эрхлэгч эмчээр тус тус томилон ажиллуулж байжээ.

1956 онд 20 ортой төрөх тасгийн барилга ашиглалтанд орж, их эмч Цэрэнсоном эрхлэгчтэй төрөх тасаг тусгаарласан түүхтэй.

1958 он гэхэд  Мөрөнгийн больниц үндсэн мэргэжлийн  тасаг, эмчтэй болж аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үзүүлж чадахуйц  болсон байлаа. Энэ үед аймгийн эмнэлгийн мэс засалчаар Ч.Нанзад, дотрын эмчээр Н.Гэндэнжав, эх барихын эмчээр Л.Цэрэнсоном, хүүхдийн эмчээр Ц.Болд, арьс өнгөний эмчээр  Д.Дашдорж нар ажиллаж байжээ. Их эмч Х.Дулмаа 1958 оноос хүүхдийн тасгийн эмчээр томилогдсон ба 1960 онд Монгол улсад хүүхдийн мэргэжлийн 21 эмчийг бэлтгэхэд уг курсыг төгссөн байна.

Монголоос Москвад эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын анхны курст суралцахаар С.Авденбай, Р.Гүр, Ж.Дугаржав, Д.Лхамсүрэн, нарын 4 эмчийг  1956 онд явуулж, төгсгөсний гурав нь  Р.Гүр /1956-1957/, С.Авденбай /1957-1958/, Ж.Дугаржав /1963-1965/ тус аймагт эрүүлийг хамгаалах хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан нь сонин бөгөөд тэмдэглэлтэй юм.

1957 онд Намын Төв хорооны тогтоол гарч, Монголын Улаан загалмай нийгэмлэгийг бие даасан олон нийтийн байгууллага гэж зарлан түүнийг олон түмнийг соёлжуулахад өргөн оролцуулах үүрэгтэйг зааж, аймгийн хорооны даргаар эрүүлийг хамгаалах хэлтсийн дарга Самений Авденбайг томилжээ. Аймагт 1957 онд их эмч 12, бага эмч 36, эх баригч 22, эм найруулагч 13, их эмчийн салбар 4, бага эмчийн салбар 3,  эмийн сан 2, эх барих тасаг 8- аар нэмэгджээ.

1958-1960 онд Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүдийн зөвлөмж удирдамжийн дагуу аймгийн эмч мэргэжилтнүүдийн хамтарсан арьс өнгөний өвчнийг илрүүлэх, эмчлэх 2 отряд амжилттай ажиллаж энэхүү өвчний хувьд эргэлт гаргасан. Аймагт 2 отряд явсны нэгийг их эмч Шагдарсүрэн, нөгөөг нь Ш.Чимид нар ахалж явсан  ба манай аймгийн эрүүлийг хамгаалахын олон ахмадууд энэ үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсан юм. Дээрх отрядад Зөвлөлтийн мэргэжилтэн эмч Е.С.Осинова, К.Я.Волкова нар явж, манай  эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн тусламж зөвлөгөө өгч, өнгөний өвчнийг илрүүлэн эмчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тул төрийн одонгоор шагнуулж байжээ. Отряд буусны дараа арьс өнгөний больниц , диспансер аймгийн төвд суурьшин үйл ажиллагаагаа явуулах болсон юм.

1959 оны 5,8 дугаар сард Улаанбаатарт сүрьеэ илрүүлэх үзлэгийг 120000 хүнд зохих шинжилгээтэйгээр хийж, дараа нь бүх аймгуудад явсан отрядын тайлангаас үзэхэд идэвхитэй сүрьеэгийн өвчлөл 3.5 хувьтай гарч байжээ. 1959 онд сүрьеэгийн анхны мэргэжлийн эмч нарыг бэлтгэж 30 хүн төгссөний  дотор их эмч Дорж, Б.Должин нар манай аймагт ирж ажиллаж байв. Сүрьеэг эсэргүүцэх отряд мөн 1958-1960 онуудад аймаг даяар өрнөж, бүх хүмүүст үзлэг шинжилгээ хийж, өвчтнийг аймагт идэвхитэй аргаар эмчлэх болсноор өвчлөл, нас баралтыг туушдаа бууруулсан байна. Отрядад Елена Тимофеевна, Маргарита Андреевна нарын Зөвлөлтийн мэргэжилтнүүд манай эмч мэргэжилтнүүдтэй идэвхитэй хамтран ажиллаж байжээ. Отрядын үзлэгийн дараа сүрьеэгийн тасаг, диспансер аймагт төвлөрөн сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Сүрьеэ, арьс өнгөний диспансер 1990 –ээд оны дунд үе хүртэл аймгийн эрүүлийг хамгаалах газрын харьяанд байжээ.

1959 оны 10 дугаар сард аймгийн намын хорооны 4 дүгээр бүгд хурал, чуулганаар “Соёлын довтолгооны” асуудал хэлэлцэгдэн тогтоол гарсан. Мөн энэ үед хилийн ариун цэврийн дүрэм батлагдаж, Ханхын ариун цэврийн байцаан шалгах станц бий болжээ.

1960 он гэхэд аймгийн эрүүлийг хамгаалахын салбарт 22 их эмч, 45 бага эмч, 6 лаборант, 29 эх баригч, 95 сувилагч, 20 эм найруулагч нийт 221 эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, нэг их эмчид 2727 хүн ногдож, 1000 хүнд 5.5 эмнэлгийн ор ногдож байв. 1960 онд “Эрүүлийг хамгаалах ажлын байдал, цаашдын зорилтын тухай” Намын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, аймгийн эрүүлийг хамгаалах газрыг шинээр зохион байгуулах шийдвэр гарчээ. Энэ тогтоолын дагуу Мөрөнд хуралдсан эмнэлгийн ажилтнууд, аймгийн хариуцлагатнуудын хамтарсан зөвлөгөөн дээр аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Г.Багаа илтгэл тавьж эрүүлийг хамгаалах байгууллагын шинэчлэл, өөрчлөлтийн талаар тодорхой тайлбарласан байдаг. Энэ үед эмнэлгийн хэлтсийг өргөтгөн, аймгийн захиргааны эрүүлийг хамгаалах газрыг байгуулж, төв хөдөөгийн эмнэлгийн байгууллагыг удирдан зохион байгуулах төв болгон, аж ахуй, санхүү эрхэлсэн орон тооны орлогч даргатай байхаар заажээ. Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч нь ЭХГ-ын орлогчийн эрх хэмжээтэй, тасгийн эрхлэгч нарыг тус тус мэргэжлээр аймгийн хэмжээний орон тооны бус зөвлөх, байцаагчийн үүрэг гүйцэтгэж байхаар шийдвэрлэжээ.

1960 оны 5 дугаар сараас аймгийн ЭХГазрын даргаар Паламын Шагж, орлогч дарга бөгөөд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр Ишдоржийн Намхай, ЭХГазрын ариун цэвэр, халдварын асуудал эрхэлсэн орлогчоор Норовын Равдан, аж ахуй, санхүү эрхэлсэн орлогчоор бага эмч Чоймпэрэлийн Чойжил нар, орон тооны бус эмнэлгийн байцаагчаар Н.Гэндэнжав, эмэгтэйчүүдийн байцаагчаар Л.Цэрэнсоном, хүүхэд, нялхасын байцаагчаар Х.Дулмаа нарыг тус тус томилон ажиллуулж байв. Ийнхүү аймгийн эрүүлийг хамгаалах салбар шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлжээ.

1960 оноос “Хүний гавьяат эмч” цол, “эмнэлгийн сайчуул” цол, тэмдэг бий болжээ. Эмнэлгийн байгууллагад 30 жил хөдөлмөрлөсөн аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Ш.Цэрэн хамгийн анх “Сүхбаатарын одонгоор” шагнагдаж байжээ.

1960 онд анхны сум дундын эмнэлэг Хатгалд байгуулагдаж, ерөнхий эмчээр нь Цэцмаагийн Ренчин томилогдож олон жил удирдан ажиллаж байжээ. Тус эмнэлэгт Монгол улсад нэр нь тодорсон олон ахмадууд ажиллаж байсан. Жишээ нь  Анагаах ухааны доктор, профессор Ч.Нээчин, Монголын ууган эмч нарын нэг Дашицэрэн, хожим нь дэд докторын зэрэг хамгаалсан Я.Хоролгарав, Г.Пүрэвсүрэн, манай аймгийн ахмад эмч нар Д.Юмхүү, Д.Жигжидсүрэн, Д.Равдансамбуу, Х.Ичинхорлоо, Д.Лхамсүрэн, Г.Ёндонренчин, Д.Төмөр Очир,Ч.Баасандалай зэрэг эмч нар ажиллахаас гадна мэс засалч А.Билэгдэмбэрэл сум дундын эмнэлгийн ажлыг олон жил идэвхи зүтгэлтэй хариуцан удирдаж байсан байна.

Аймгийн хэмжээнд 2 дахь сум дундын эмнэлэг бол Шинэ-Идэр сум дундын эмнэлэг бөгөөд энэ эмнэлэг нь Халхын сумд болон Галт, Жаргалант, Төмөрбулаг сумдыг харьяалан үйлчлэх хуваарьтай болжээ. Тур үед харьяа сумд нь их эмчгүй, бага эмчийн салбартай байсан. Ерөнхий эмчээр нь мэс заслын эмч Цогтын Алтангэрэл, дотрын эмчээр түүний эхнэр З.Нямаа, эмэгтэйчүүдийн эмчээр Истомина Ивановна Галина нар томилогдон ажиллаж байжээ.

1960 оноос бий болсон сум дундын эмнэлгүүд манай аймаг, орны нөхцөлд хөдөөгийн малчид, хөдөлмөрдөд эмнэлгийн үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг ойр дөт хүргэх хамгийн тохиромжтой хувилбар байсан юм. Сум дундын эмнэлгүүдэд дотор, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд, шүдний эмч ажиллаж, рентген кабинет, клиник лабораторитой болсон байлаа. Зарим сум дундын эмнэлгүүд сум дундын нэгдсэн эмнэлэг хэлбэртэй болж, явуулын үйлчилгээний тусгайлан тоног төхөөрөмжлөгдсөн машинтай болж тойргийнхоо сумдад жил, улирлын графикаар үйлчилдэг болжээ. Мөн өөрийн харьяаны сумдад төлчид, саэальчид, тариаланчдын жил бүрийн семинар цугларалтын үеэр эмнэлгийн үйлчилгээгээр тогтмол үйлчилдэг болсон байна.

1961-1989 онуудад

1962 оны 2 дугаар сард Дэлхийн УЗН-ийн 100 жилийн ойг угтан зохиох ажлын уриалга гаргажээ. Энэ үеэр УБ-аас АУДС-ийн багш, доктор, тэнхимийн эрхлэгч доцент Б.Рагчаа, хүүхдийн тэнхимийн эрхлэгч, дэд эрдэмтэн Т.Бямбажав,мэдрэл, сэтгэхүйн тэнхимийн эрхлэгч ШУА-ийн сурвалжлагч гишүүн, доцент Г.Лодон нарын эрдэмтэд ирж аймгийн эмнэлэг, эмч нарт зөвлөгөө өгч, үзлэг оношлогоо хийж, эмчилгээний заавар өгч ажиллажээ.

1962 оны 10 дугаар сард аймгийн эрүүлийг хамгаалах газарт БНМАУ-ын ЭХЯамны коллегийн шалгалт ирж, аймгийн захиргааны хамтарсан хуралдаанаар ажил төрлийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, боловсон хүчний зарим өөрчлөлт хийхээр болжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг анх байгуулагдсан цагаасаа хойш 2 удаа нүүдэллэж одоогийн буйрандаа төвхнөсөн юм. Анх 1950-иад оны үед одоогийн аймгийн захиргааны барилгын буйр дээр 10 гаруй жижиг байшин бүхий эмнэлэг байсан бөгөөд 1962 онд анхны зориулалт бүхий эмнэлгийн барилга ашиглалтанд орж, одоогийн арьсны тасгийн барилгад шилжин орж төрөх эмэгтэчүүд, хүлээн авах, мэс заслын тасаг байршиж, улам өргөжсөөр одоогийн эмнэлгийн орчин бий болсон байна.

1963 оны 3 дугаар сард АДХ-ын чуулганаар 1963 оныг “Хөдөлмөрчдийг эрүүлжүүлэх он” болгон тогтоол гаргаж, холбогдох газруудад тодорхой даалгавар өгжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд эмгэг судлал, шүүх магадлангийн алба 1963 оноос үндэс суриа тавьж анхны их эмчээр нь Ж.Дамба, дараа нь Ц.Хоролдорж, Ц.Юндэндорж, Дашдорж, Ч.Ренчинноров, Д.Ганбат, Г.Ичинхорлоо, П.Нямдорж, Б.Мөнхбаяр гээд  үе үеийн төлөөлөл болсон олон арван алтан гартай эмч нар ажиллаж байсан байна. Эмгэг судлал, шүүх эмнэлгийн мэргэжил нь эмнэлгийн үйл ажиллагааг хууль зүйтэй холбон өгдөг ур чадвар, эрэмгий зориг тэсвэр тэвчээр хатуужил, өндөр мэдлэг, хүнлэг чанар, хурц хараатай, голч шийдвэр гаргадаг, өөрийн ажлаа бусдад ойлгуулж чаддаг эмч байхыг шаарддаг их хэцүү бөгөөд хүндтэй алба юм.

Их эмч Д.Нансалмаа 1964 онд эрүүл ахуйн эмчийн курс хийж, хүнс, хүүхэд, үйлдвэрийн газруудад ариун цэврийн урьдчилан болоод байнгын хяналт хийх болжээ. 1965 оноос халдвар судлагч, бактери шинжилгээний эмч нар ажиллах болж, хяналтын ажлын цар хүрээ өргөжиж эхэлсэн байна.

1965 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, жил бүрийн 10 дугаар сарын 25-ныг  “Эрүүл энхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн ба 1973 онд жил бүрийн 8 дугаар сарын 15-ныг “Эмнэлгийн ажилтны өдөр” болгосон байна.

1965 оноос эхлэн аймгийн жил бүрийн чуулганаар аймаг, сум, байгууллага бүр эрүүлжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах болсон байна. Ийм төлөвлөгөөний дагуу сум, хөдөө аж ахуй нэгдлийн  төв, бригадын бага эмчийн салбаруудыг нэгдлийн хөрөнгөөр тохижуулах, халуун усны газар, эхчүүдийн амрах байрыг  бүх суманд байгуулах зорилт тавин хэрэгжсэн байна. Мөрөнгийн төвийн ойролцоо хүүхдийн байгууллагыг сүүгээр хангах 100-150 үнээний фермтэй болох, Их-Уул, Тариалан зэрэг сумдад үнээний суурь бий болгох зорилт тавьж биелүүлэв.

1965 онд улсын ЭХБ-ын 40 жилийн ойд зориулсан яамны илтгэлд Хөвсгөл аймгийн Хатгал сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Ц.Ренчинг нэр заан сайшаан тэмдэглэж байв.

1968 онд аймгийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан байна. Мөн энэ онд  аймгийн эмнэлгийн байгууллагад их эмч 58, үүнээс хүүхдийн эмч  9, эмэгтэйчүүдийн эмч -5-тай болсны дээр их эмчийн салбар 1, бага эмчийн салбар 3-аар нэмэгдэн, аймгийн төвийн түргэн тусламжийн станц 2 ээлжийн машинтай болжээ. Улсын ариун цэврийн олон нийтийн байцаагч нарын дүрэм батлагдаж, үйлдвэр, аж ахуйн газар, байгууллага бүрт зөвлөл, комисс ажиллаж эхлэв. Ариун цэвэр, эрүүл ахуйн эмч нар ажиллах болж, хяналтын систем тогтов.

1968 оноос эмчийн зэрэг хамгаалуулах журам заавар гарч, хүүхдийн эмч Д.Лхагважав аймгийн анхны зэрэгтэй эмч болсон байна.

1969 оны 10 дугаар сард Мөрөнгийн төвд Нэгдсэн эмнэлгийн иж бүрэн барилгын суурь тавих ёслол болсон бөгөөд энэхүү барилгыг Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтан ЗХУ-аас манайд бэлэглэж байгаа бэлэг ба Зөвлөлтийн олон арван алдарт барилгачид хоёр орны найрамдлын их үйлсийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн чанарын дээд түвшинд барьж 1971 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Зөвлөлт холбоот улсаас манай оронд суугаа онц бөгөөд бүрэн эрхт  Элчин сайд С.Н.Шетинин, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Б.Майдар тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон больницийн түлхүүрийг больницийн тухайн үеийн дарга байсан Ёндон, хүүхдийн тасгийн эмч Х.Дулмаа нарт гардуулан өгч байсан байсан түүхтэй.

1970 онд аймгийн боловсон хүчний хангамж сайжирч их эмч 58, бага эмч 87, эмийн дээд мэргэжилтэн 4, эм найруулагч 17 болсон байна. Энэ үед 110 ортой нэгдсэн больниц, 50 ортой хүүхдийн эмнэлэг, диспансер-2, 90 ортой сум дундын эмнэлэг-3, хүний их эмчийн салбар 11, бага эмчийн салбар 45, эмийн сан 16, ясли 17, сүүний газар 6 болж, аймгийн эрүүлийг хамгаалах арга хэмжээний жилийн төсөв 5 сая төгрөгт хүрсэн байна. 1 их эмчид 1300 хүн ногдож, 1000 хүн амд төрөлт 42,7, нас баралт 12,6, цэвэр өсөлтийн хувь 3 байсан байна.

1971 онд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дэргэд эмийн сангуудыг удирдах контор / ЭСУК/, эм шинжилгээний кабинетууд байгуулагдан хөдөөд эмийн мухлаг үйлчлэх болов. Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяанд цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэх станц, мэргэжсэн ажилтнуудтай болж, донорын хөдөлгөөн идэвхитэй өрнөн , бүтээгдэхүүний нэр төрөл олшрон, чанар сайжрав.

1976 оны намар эрүүлийг хамгаалахын 55 жилийн ойг аймгийн эмнэлгийн салбар анх удаа өргөн хэмжээнд тэмдэглэсэн бөгөөд  ойн арга хэмжээг угтан салбарын хэмжээнд олон ажил зохион байгуулсны дотор 1976 оны 1 дүгээр сараас “Эрүүл энхийн жаргалан” сэдэвт уран зохиолын найруулал, тэмдэглэл, сурвалжлага, гэрэл зургийн уралдаан зарлаж, олон бүтээл ирж, манай салбарын олон сайн үйлстний тухай материал ирж, тусгай товхимол болгон гаргажээ.

Хөвсгөл аймаг Эрхүү муж, Түнхэн районы хооронд 1973 онд шууд харилцаа тогтоосон нь эрүүлийг хамгаалах салбарын гадаад харилцааг өргөтгөн, Зөвлөлт орны эмч, мэргэжилтнүүдээс суралцах, туршилга солилцох өргөн боломж нээгдсэн юм. 1977 онд аймагт 350 ортой нэгдсэн эмнэлэг, 120 ортой хүүхдийн ясли-2, 50 хүүхдийн ясли нэг байв. 17 суманд 18 их эмчийн салбар бүгд их эмчтэй, Тариалан сум 2 их эмчтэйгээр ажиллах болов. Сум дундын эмнэлэг 4 байсны Улаан-Уулаас бусад нь сум дундын үүргээ гүйцэтгэж байв. Багийн бага эмчийн салбар 77 байсны 17 нь ортой салбар байлаа.Аймгийн эрүүлийг хамгаалах салбарт их эмч 87, бага эмч 131 ажиллаж байв.

1977 оноос эхлэн БНМАУ-ын эрүүлийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлсэн.1978 онд их эмч Д.Цэрэндашийн удирдлага, санаачлагаар нэгдсэн эмнэлэг дээр сэргээн засах эмчилгээний иж бүрэн тасаг байгуулж, 1980 оноос айргийн эмнэлгийн дэргэд хүүхэд насанд хүрэгчдийн зуны сувилал байгуулав.

1979 оны 4 дүгээр сард тус аймагт ариун цэврийн улсын ерөнхий байцаагчийн үзлэгийг угтаж, аймаг даяар ариун цэвэр, соёлжилтыг сайжруулах их ажил өрнөж олон үйлдвэр, албан газар, айл өрхөд “Соёлч” гэрчилгээг олгов.

1979 онд аймгийн эмийн сангуудыг удирдах конторын дэргэд байгалийн түүхий эдээр эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гален цех байгуулагдав. Энэ цех чацаргана, алтан гагнуурын ханд, хусны шүүс зэрэг эмийн болоод витаминт шүүс бэлтгэж, бүтээгдэхүүн нь олны талархалыг хүлээх болов. Мөн энд нүдний шилны үйлчилгээний тасаг бий болов.

Мөрөн хотод аптек, ариун цэврийн станц, амбулатори нэг дор байрлах нэгдсэн барилга ашиглалтанд орж,  1973 оноос байгуулагдсан хүүхдийн хэсгүүд өргөжин, нэг хэсэгт ногдох хүүхдийн тоо багасан, бага насны хүүхдийн эргэлт, хяналт сайжирсан байна.

1981 онд Сайд нарын Зөвлөлийн 78 дугаар тогтоолоор Ариун цэвэр халдвар судлалын станцын дэргэд гоц халдварт өвчинтэй тэмцэх тасаг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, эрхлэгчээр нь их эмч Б.Хүрэлбаатар, бактериологи лаборантоор Ч.Тэгшбаяр, ариутгагчаар А.Мандах, нярав сувилагчаар Б.Дүгэржав, бэлдмэлчээр Пүрэвсүрэн нар томилогдон ажиллаж байжээ. Энэ онд ЭСУК-ын дэргэд эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн засварын цех байгуулагдан, аймгийн төв, хөдөөгийн эмнэлгийн багаж хэрэгслийн засвар үйлчилгээг Н.Аюурзана хариуцсан хийх болжээ.

1981 онд эрүүлийг хамгаалахын 60 жилийн ойг тэмдэглэх үед аймгийн ЭХГ-ын харьяанд 350 ортой нэгдсэн эмнэлэг, 200 ортой сум дундын эмнэлэг 5, их эмчийн салбар 17, бригадын бага эмчийн салбар 81, эмийн сан 24, хүүхдийн ясли 27, сүүний газар 7 байв. Мөн аймгийн АЦХС-ын станц,  ЭСУК, арьс өнгө ба сүрьеэг эсэргүүцэх диспансер ажиллаж байсан ба тэнд 104 их эмч, 504 эмнэлгийн дунд мэргэжилтэн ажиллаж байв. Салбарын нийт төсөв 13 сая төгрөгт хүрсэн байлаа.

Тус аймагт  ДЭХБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийн хүрээнд “Эмнэлэг ариун цэврийн анхан шатны тусламж”-ийг боловсронгуй болгох төсөл  5 суманд эхэлсэн бөгөөд 1981 оны зун Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул сумдыг оролцуулсан үзүүлэх сургууль зохион байгуулан, энэ арга хэмжээнд бүсийн захирал Y Ko Ko ирж оролцсон байна.

1984 онд “эрүүлийг хамгаалах ажил байдлын тухай” Намын төв хорооны Улс Төрийн Товчооны  102 дугаар тогтоол гарч, эмч нараас жил бүр онол, улстөр, орос хэлний шалгалт авахаар шийдвэрлэжээ. Энэ дагуу жил бүр онол, улстөр, орос хэлний мэдлэгээр шалгалт өгөх болсны дээр 1984, 1988 онуудад эмч нарын аттестатчилал болж, ЭХЯ болон аймгийн намын хороо, захиргаанаас шалгадаг байв. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим сум дундын эмнэлгүүдэд нүүдлийн амбулаторийн лаборатори, рентген кабинет, эмэгтэйчүүд, мэс засал, шүдний зориулалтын төхөөрөмжлөгдсөн машинууд ирж, нарийн мэргэжлийн эмч нар хөдөө явж, үзлэг үйлчилгээ хийх болсон нь олны талархал хүлээсэн арга хэмжээ болж байлаа.

1985 онд Могойн голын нүүрсний уурхай, Галт сумын Зүрх бригадад хүний их эмчийн салбар байгуулагдав.

1988 онд сум дундын 5 эмнэлэг, их эмчийн салбар 22, бригадын бага эмчийн салбар 92, эмийн сан 27, ясли 27, хүүхдийн сүүний газар 18, хүүхдийн хэсэг 9, насанд хүрэгчдийн хэсэг 3 ажиллаж байв. 1989 оны 11 сард “Хөдөөгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бригад, хэсгийн эмчийн үүрэг” сэдэвт аймгийн семинар зохион байгуулж, үнэмлэх олгосон юм. Ийнхүү 1980-иад оны төгсгөлд социалист тогтолцооны үеийн аймгийн эрүүлийг хамгаалах байгууллагын хөгжлийн эрч хүч нь гүйцэж, аймгийн томоохон салбарын хэмжээнд нэгэнт хүрч, нийгмийн шинэ үеийн харилцаа эхлэх түүхэн цаг үеийг угтан байлаа.

1988 онд Цагаан-Уул сумын сум дундын эмнэлэг Гандан нуурын байгалийн сайхныг түшиглэн зуны улиралд хүүхдийн сувилал ажиллуулан, тойргийн сумдын төдийгүй аймгийн төвөөс сул дорой биетэй, бага насны хүүхдүүдийг сувилан чийрэгжүүлдэг туршилга гаргасан нь аймагт төдийгүй улс даяар туршилга болж улсын хэмжээний үзүүлэх сургуулилт болж бүх аймгууд, ЭХЯамны орлогч сайд Д.Мөнхөө нарын удирдах хүмүүс ирж оролцож байв.

1990-2011 онуудад

1990 оны хавраас ардчиллын үйл явц орон даяар, түүний дотор манай аймагт хүчтэй өрнөж, хуучин тогтолцоог өөрчлөх уриан дор янз бүрийн үйл явдал болж байв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмээс зах зээлд шилжих үе эхлэх шилжилтийн үеийн олон бэрхшээл эмнэлгийн салбарт нэгэн адил хүндээр туслаа.

1990 оны хавраас аймгийн эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газрын дэргэд Монгол эмнэлгийн тасгийг бараг далаад жилийн дараа сэргээн байгуулж, эрхлэгчээр нь их эмч Борхүүгийн Шархүүг тавьж, судас баригч оточоор С.Готов, эм баригч Ч.Алтангэрэл, бариач Дэмбэрэл, М.Оюунчимэг нарын 9 орон тоотой шинэ албыг байгуулж, олон түмний зүгээс ч сонирхож хандах нь их байв.

1990 оны 8 дугаар сард 1983 оноос эхлэн баригдсан 50 ортой төрөхийн барилга ашиглалтанд орж, төрөх, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний алба ихээхэн өргөжсөн юм.

1990 онд Эрүүл мэндийн яамны сайдын А/165 тоот тушаалыг үндэслэн Аймгийн ЭХГ-ын даргын 1991 оны  35 тоот тушаалаар 7 сарын 1-нээс эхлэн Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газар болон өргөжиж, 12 хүний орон тоотойгоор, даргаар нь Ц.Авид томилогдон ажиллаж байжээ.

1991 онд нэгдсэн эмнэлэг 1, сум дундын эмнэлэг 3,сумын эмнэлэг 20, их эмчийн салбар 3, бага эмчийн салбар 145, эмийн сан 27, ясли 27, их эмч 171, дунд мэргэжилтэн 935, бусад ажиллагсад 1009, нийт 1085 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байлаа. Зах зээлийн нийгмийн харилцаанд шилжиж, хуучны олон ажил, зохион байгуулалт өөрчлөгдөв. Ихэнх сум дундын эмнэлгүүд сум дундын үйлчилгээ явуулах боломжгүй болсны дээр төр засгаас ч төдийлөн дэмждэггүй тул сумын эмнэлгүүд  болж, сумын эмийн сангууд эмнэлэгтэйгээ нэгдэв. Зарим сумд эмч, мэргэжилтний тусгай шалгаруулалт, болзлоор авч ажиллуулах шинэ хэлбэрүүд гарлаа.

Чөлөөт нийгмийн харилцааг дагаад гадаадын байгууллага, хүмүүсээс эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, хандив төсөл хэрэгжүүлэх алхмууд хийгдэж эхэлсэн. Ренчинлхүмбэ сумын эмнэлгийн эмч О.Пүрэвсүрэн эмнэлэг дээрээ мэс засал хийх өрөө бий болгон хөдөөд хийж болох мэс заслын хагалгааг хийх болсон бөгөөд хөдөөгийн хөдөлмөрчдөд зардал чирэгдэл багатай ээлтэй үйлчилгээ болсон юм. Мөн Л.Гэрэлхүү эрхлэгчтэй Тариалан, Б.Бямбасүрэн эрхлэгчтэй Чандмана-Өндөр, Б.Доржрагчаа эрхлэгчтэй Эрдэнэбулган сумдын эмнэлгүүд нийгмийн шилжилтийн үед эмнэлгийн үйл ажиллагаагаа зөв зохицуулан ажиллаж байлаа.

1990 оныг хүртэл эрүүлийг хамгаалах хэлтэс буюу газар гэдэг нэрээр аймгийн хэмжээний эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын ажлыг зохицуулан удирдах ажил үүргийг гйүцэтгэж байлаа. 1990 оноос эрүүлийг хамгаалах нийгэм халамжийн газар болж, хуучин дээрээ тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж үйлчилгээ зэрэг одоогийн нийгмийн даатгалын хэлтсийн үүргийг гүйцэтгэж байснаа 1992 оны намар  “Эрүүл мэндийн хэлтэс”  нэртэй эмнэлгийн ажлыг хариуцахгүй тухайн сум нь мэдэхээр зохион байгуулалтанд ч орж үзэв.

Эрүүл мэндийн салбарт өмчийн  олон хэлбэрийн байгууллага байж болохыг хуульчлан тогтоож, 1991 оноос хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагууд бий болж эхлэв. Аймгийн төвд эмч Т.Хишигчулуун эзэнтэй “Тана” шүдний эмнэлэг, П.Эрдэнэчулуун эзэнтэй “Ренчинжугнай” дото, элэг цөсний эмнэлэг, Т.Данаа-жав эзэнтэй “Бургаст” гэр бүл эмэгтэйчүүдэд  зөвлөгөө өгөх эмнэлэг, Цагаан-Уул суманд Г.Оюунжаргал эзэнтэй “Энхжин” мэс заслын эмнэлэг, Арбулаг суманд Г.Бямбадорж эзэнтэй “Баянбулаг” шүдний эмнэлэг зэрэг 10 шахам эмнэлэг, 10 гаруй эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.

1991 онд зах зээлийн эдийн засаг эхэлж байх тэр үед  Мөрөн сумын 3 дугаар багийн нутагт эм найруулагч Ш.Дунгармаа анхны эмийн сангийн суурийг тавьж, эмийн анхны жижиглэн худалдааг “ЗАРАА” ХЭАА нэртэйгээр эхэлж байжээ.

1991 оны 8 дугаар сард  Улаанбаатарт Монголын хүн амзүйн бодлого, гэр бүл төлөвлөлтийн үндэсний бага хурал болж, хүн амзүйн бодлогын талаар төрөөс баримтлах бодлогыг ерөнхийлөгчийн шийдвэрээр батлан гаргав. Энэ чиглэлээр НҮБ-ын ХАС, Монгол улсын Засгийн газар хамтран “Гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх ажил 1993 оны намраас эхлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд их, бага эмчтэй тусгай кабинет бий болж, нөхөн үржихүйн чиглэлийн аймгийн сургагч нарыг төслөөр бэлтгэн, шат шатны сургалт хэд хэдэн удаа зохион байгуулсан. Энэ ажлыг хариуцан Олон улсын байгууллагыг төлөөлсөн аймаг дундын зохицуулагч ажиллаж байв.

1993 онд аймгийн Засаг даргын Тамгын газарт нийгмийн хөгжлийн хэлтэс байгуулагдаж, эмнэлэг, сургууль, соёл, биеийн тамир, спорт гэх мэтчилэн нийгмийн бүхий л салбарыг хариуцсах захиргааны том салбар байснаа 1997 оны намар аймгийн нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл төвийг нэгтгэж “Эрүүл мэндийн төв” гэж нэрлэн аймгийн төв, хөдөөгийн улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийг удирдах газар болон ажиллаж эхэлсэн байна.

Аймагт суулгалт ба амьсгалын замын хурц халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөр хэрэгжиж, хөтөлбөрийн дагуу олон сургалт семинар зохион байгуулагдаж хүүхдийн өвчний хүндрэл, нас баралт тууштай буурсан билээ. Хүүхдийг хөхөөр хооллохын ач тус, хүүхдийн хоол тэжээлийн чиглэлээр олон сургалт, ажил зохион байгуулагдаж Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Шинэ-Идэр сумдын эмнэлгүүд амжилттай ажиллаж “Хүүхдэд ээлтэй эмнэлэг”, мөн Шинэ-Идэр сумын эмнэлэг “Эхэд ээлтэй эмнэлэг”-ийн болзлыг биелүүлж гэрчилгээгээ гардан авлаа.

1994 оноос эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжих болж, эмнэлгийн байгууллагын санхүүжилтийн бүтцэд өөрчлөлт орж, улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, төлбөрт зарим үйлчилгээний орлогоос санхүүжих шинэ алхам тавигдсан билээ.

1994 онд ЭСУКонторийг ЭМСайдын А/77 тоот тушаалаар МЭИК-ний Хөвсгөл эм компани болгон өөрчилсэн ба 1997 онд ЭМСайд, төрийн өмчийн хорооны хамтарсан А/01/01 тоот тушаалаар сумын эмийн санг эмнэлэгт нь бүртгэлтэй хөрөнгийн хамт шилжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар 1998 оноос  “Эрүүл мэндийн салбар хөгжил” төслийг хэрэгжүүлэх 3 аймгийн нэгээр манай аймаг сонгогдсон билээ. Энэхүү төсөлд Аймгийн нэгдсэн эмнэлэг, Цагаан-Уул, Арбулаг, Цагаан-Үүр, Хатгал, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Тариалан сумдын болон өрхийн эмнэлгүүд хамрагдан, Арбулаг, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал сумдын эмнэлгийг шинээр барьж Цагаан-Уул, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Тариалан сум, Нэгдсэн эмнэлгийн барилгад их засвар хийж нийт 884 сая төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Мөрөн сумын өрхийн эмнэлгийн бүтцэд шинэчлэлт хийж өрхийн 20 хэсэг байсныг нэгтгэн 6 эмнэлэг болгон, эмч мэргэжилтнийг сургах, үйл ажиллагааны шинэчлэл хийхдээ үйлчилгээг хүн амд ойртуулж, шатлалын тусламжийг зөв үзүүлдэг болгоход  ихээхэн анхаарал хандуулсан юм. Аймгийн нэгдсэн эмнэлэгт алсын удирдлагатай компьютер тооцоололтой рентген аппарат, өндөх хүчин чадлын хэт авианы, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, биохимийн шинжилгээний анализатор болон шүдний эмчилгээний орчин үеийн  тоног төхөөрөмж тавигдсан. Сумдын эмнэлгүүдэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг нийлүүлж, эдгээрт төслөөс 528 сая төгрөг зарцуулсан байна. Мөн Нэгдсэн эмнэлгийн төвийн түргэн тусламжийн үйлчилгээнд 2 автомашин нийлүүлжээ.

Аймгийн Эрүүл мэндийн газар нь 2000 оны 4 дүгээр сараас эхлэн “Аймгийн эрүүл мэндийн газар” гэдэг нэрээр ажиллахаар болсон.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн 170 тоот тушаалаар Хөвсгөл аймагт “Хувийн хэвшлийн эмийн санчдын холбоо” төрийн бус байгууллага байгуулагдсан байжээ.

2006 онд ЭМСайдын тушаалаар Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газар нь Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын төв болон өөрчлөгдсөн ба 2010 оны 11 сарын 19-ны өдрийн 405 тоот тушаалаар Байгалийн голомтот халдварт  өвчинтэй тэмцэх алба болон үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. 3.    Үе үеийн удирдлагууд
    1. a.    Аймгийн эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар 1937 оноос хойш ажиллаж байсан эмнэлгийн мэргэжлийн бус болоод бага эмч дарга нар
  • · Гүржав
  • · Лувсанжамц
  • · Гомбосүрэн
  • · Цэмбэл
  • · Чүлтэмийн Чойдаш                   1943.08 – 1946.08
  • · Д.Цэдэв                                      1946.08 – 1948.04
  • · Санж Ёндонгийн Дамдинжав   1948.04 – 1950.08
  1. b.    Аймгийн эрүүлийг хамгаалах хэлтэс, газар болон түүнтэй адилтгах байгууллагын дарга нар
  • · Өлзийбалын Готов Улаанбаатар хот              1950.09-1953.07
  • · Жамьянгийн Аминдаваа  Архангай аймаг      1953.09-1955.08
  • · Чүлтэмийн Чүлтэмдорж  Сэлэнгэ аймаг         1955.08-1956.06
  • · Рагийн Гүр   Сэлэнгэ аймаг                              1956.06-1957.06
  • · Самен Авденбай  Баян-Өлгий аймаг               1957.07-1958.10
  • · Цэнд Аюушийн Шагжжав  Хөвсгөл, Галт сум  1958.10-1959.05
  • · Паламын Шагж  Архангай  аймаг                     1959.07-1961.06
  • · Ишдоржийн Намхай Сэлэнгэ аймаг                 1961.06-1963.03
  • · Жамсранжавын Дугаржав Төв аймаг               1963.04-1965.08
  • · Надмидын Амраа Хөвсгөл, Арбулаг сум         1965.08-1977.02
  • · Цэрэнгийн Бадамдорж Завхан аймаг               1977.02-1983.03
  • · Цэрэнпилийн Хоролдорж Завхан аймаг           1983.03-1988.07
  • · Лодойсамбуугийн Дамдинсүрэн Хөвсгөл, Галт  1988.07-2000.11
  • · Санжаагийн Нарантуяа Хөвсгөл, Их-Уул сум      2000.11-2009.03
  • · Лодойсамбуугийн Дамдинсүрэн Хөвсгөл, Галт 2009.03- одоо хүртэл ажиллаж байна.
  1. 4.    Төрөн гарсан эрдэмтэн, алдартнууд
    1. a.    Монгол улсын Хүний гавьяат эмч
  • · Наваанцэрэнгийн Даш. Түнэл сум. Улсын гэмтэл согогийн төв эмнэлгийн зөвлөх эмч, Монгол улсын “Хүний гавьяат эмч” цолоор 1986 он
  • · Базарын Дамдиндорж Шинэ-Идэр сум. “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн зохицуулагч асан, эмэгтэйчүүдийн их эмч “Хүний гавьяат эмч” цолоор 1998 он.
  • · Шанжийн Доржжадамба Арбулаг сум. АУИС-ийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор, Монгол улсын “Хүний гавьяат эмч” цолоор 1999 он
  • · Дарьсүрэнгийн Ням-Осор. Ханх сум.  Эм зүйч. Монгол Улсын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор 1997 он.
  • · Пүрэвийн Молом.  “Хүний гавьяат эмч “ цолоор 2003 он
  1. b.    Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн хүмүүс
  • · Доржийн Дандий. “Монгол эхийн ихсийн ийлдэснээс альбумин, иммуноглобулин зэрэг уургийн бийбэлдмэл гарган авч, эмчилгээнд нэвтрүүлсэн нь” хамтын бүтээлээр 1990 онд
  • · Наваанцэрэнгийн Даш. Түнэл сумын харьяат. “Монголд ясны гэмтлийг зайдуугаас нь шахаж сунгаж эмчлэх аргыг нэвтрүүлсэн нь” бүтээлээр 1996 он
  • · Даваажавын Нямсүрэн. “Түрүү булчирхайн хоргүй хавдрын оношлогоо, эмчилгээний асуудлыг иж бүрнээр шийдсэн нь” хамтын бүтээлээр 1997 он
  1. c.    Сүхбаатарын одонгоор
  • · Шаравын Цэрэн сувилагч                                                            1960
  • · Пэрэнлэйн Янжин лаборант                                                        1965
  • · Дандарын Мягмар Хүүхдийн их эмч                                           2010
  1. d.    Монгол улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
  • · Пэрэнлэйн Янжин  – Лаборант                                          1954
  • · Дэлгэрийн Даваажав – Эх баригч                                     1954
  • · Шаравын Цэрэн – сувилагч                                               1956
  • · Аюушийн Бөөтөн –Угаагч                                                 1958
  • · Дамбын Дашдорж –Арьс өнгөний их эмч                        1959
  • · Дамбын Сандуйжав – Лаборант                                       1959
  • · Тувааны Дэлгэр  – Цагааннуурын бага эмч                             1976
  • · Баатарын Цэрэннадмид – Сувилагч                                1976
  • · Лувсангийн Цэрэннамжил – Сувилагч                                   1976
  • · Базарын Дамдиндорж – Эмэгтэйчүүдийн их эмч                   1991
  • · Л.Гэрэлхүү Тариалан сумын хүн эмнэлгийн Ерөнхий эмч   2008
  1. e.    Алтан гадас одонгоор
  • · Шаравын Цэрэн                                                                             1959
  • · Маньбадарын Долгор – сувилагч                                              1954
  • · Дамбын Сандуйжав – Лаборант -       2 удаа
  • · Тувааны Дэлгэр                                                                             1956
  • · Чоймпэрэлийн Чойжил                                             1956,1961,1981
  • · Аюушийн Бөөтөн                                                                             1956
  • · Загдсамбарын Должин                                                                  1958
  • · Дамбын Дашдорж -Арьс өнгөний эмч                                        1971
  • · Дамбын Равдансамбуу их эмч                                                    1981
  • · Ёндонгийн Цэгмид Жаргалант сумын бага эмч                       1986
  • · Гүндсамбуугийн Дэжидмаа Бактериологич эмч                      1991
  • · Дандарын Мягмар Хүүхдийн эмч                                                1991
  • · Намсрайжавын Намжилдорж Галт сумын багийн бага эмч 1991
  • · Дэмбэрэлийн Саранцэцэг Баянзүрх сумын бага эмч           1993
  • · Гүрбаатарын Догсом Хатгалын эмийн санч                          1993
  • · Пүрэвийн Молом НЭ-ийн мэс заслын эмч                             1994
  • · Жамбалжавын Даваажанцан Мэдрэлийн их эмч                  1999
  • · Лодойсамбуугийн Дамдинсүрэн НЭМ-ийн төвийн дарга      2000
  • · Цэвэгжавийн Авид БГХӨТТөвийн дарга                                2000
  • · Чойдогжамцын Тогоо УЗН-ийн хорооны нарийн бичиг         2001
  • · Л.Гэрэлхүү Тариалан сумын хүн эмнэлгийн  эрхлэгч эмч     2001
  • · Шоомбойн Үдэнбор АЦХСС-ын станцын дарга байсан        2003
  • · Сүрэнхорын Махбуриад Их-Уул  сумын их эмч                     2008
  • · Санжаагийн Нарантуяа ЭМГ-ын дарга                                   2008
  • · Гордоон Баярхүү Бүрэнтогтох сумын их эмч                         2008
  • · Г.Хүрлээ НЭ-ийн нүдний их эмч                                                   2009
  • · Ж.Батбуян НЭ-ийн рентгений их эмч                                          2009
  • · Ж.Сүнжидмаа  Буян өрхийн эмнэлгийн ахлагч                      2009
  • · Ж.Алтанцэцэг  Энэрэл өрхийн эмнэлгийн ахлагч                  2009
  • · Л.Эрдэнэцэцэг Дэлгэрмөрөн өрхийн эмнэлгийн ахлагч        2009
  • · Б.Баярмагнай Мөнхтулгуур хувийн эмнэлгийн эмч               2010
  • · П.Эрдэнэчулуун Ренчинжугнай хувийн эмнэлгий эзэн          2010
  • · Г.Долгоржав НЭ-ийн Дотрын тасгийн ахмад эмч                   2010
  1. f.     Хөдөлмөрийн хүндэт медалиар
  • · Пэрэнлэйн Янжин лаборант                                                          1949
  • · Загдсамбарын Должин бага эмч                                                  1952
  • · Гомпилын Өлзийбат Угаагч                                                           1956
  • · Гуулийн Бямбажав шүдний эмч                                                     1956,1976
  • · Данзангийн Хишигт лаборант                                         1960,1976
  • · Чимидийн Рэгзэн цэвэрлэгч                                                          1971
  • · Дамбын Равдансамбуу их эмч                                                      1971
  • · Гүндсамбуугийн Дэжидмаа их эмч                                               1971
  • · Намсрайн Намжилдорж бага эмч                                                1976
  • · Хайдавын Дулмаа хүүхдийн эмч                                                  1976
  • · Надмидын Амраа ЭХГ-ын дарга                                                  1976
  • · Гүндсамбуугийн Долгоржав дотрын эмч                                    1976
  • · Рэгдэлийн Тугал бага эмч                                                              1976
  • · Ж.Натаа АЦХСС-ын бага эмч                                                       1976
  • · Намсрайжавын Чанцалсүрэн бага эмч                                      1976
  • · И.Ядамсүрэн Эг-Үүрийн жолооч                                                1976
  • · Цэрэндуламын Түмэн-Аюуш Хатгал                                         1976
  • · Н.Сандаг Баянзүрх сумын бага эмч                                          1981
  • · Ойдовын Цэнд Аюуш  Халдвартын их эмч                              1985
  • · Сэрээтэрийн Ням Цагаан Уул сум бага эмч                            1988
  • · Мядагийн Циенханд сувилагч                                                     1989
  • · Дамчаагийн Өлзийбадрах                                                            1990
  • · Отгоогийн Дэмбэрэлсамбуу                                                         1990
  • · Базаррагчаагийн Бираа  – мэс заслын их эмч                         1991
  • · Галсангийн Ёндонрэнчин их эмч                                                1998
  • · Д. Отгонлоов Цагаан-Үүр сумын эх баригч                             1998
  • · Г.Мөнхжаргал Энэрэл өрхийн эмнэлгийн сувилагч              2009
  • · Ш.Оюун Тулга өрхийн эмнэлгийн сувилагч                           2009
  • · Д.Ханджав Далайн-Элбэрэл өрхийн эмнэлгийн сувилагч    2009
  • · М.Зина НЭ-ийн Дотрын тасгийн сувилагч                                 2010
  • · П.Эрдэнэ-Очир Олонд туслах хувийн эмнэлгийн эзэн          2010
  1. g.    Клиникийн Профессор
  • · Баатар Пүрэвээ  НЭ-ийн дарга                                                   2005
  • · Я.Должинсүрэн НЭ-ийн Дүрс оношлогооны их эмч              2007
  • · С.Нарантуяа ЭМГ-ын дарга                                                        2007
  • · Б.Гэрэлтуяа Энх-Үрс хувийн эмнэлгийн эзэн                                     2007
  • · С.Нагааранз Жаргалан хувийн эмнэлгийн эмч                      2007
  • · Г.Хүрлээ НЭ-ийн нүдний их эмч                                                 2009
  • · Л.Эрдэнэцэцэг НЭ-ийн нүдний их эмч                                      2009
  • · М.Ганболд  Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч      2009
  • · Д.Шаравдорж Жаргалан хувийн эмнэлгийн эзэн                   2009
  • · Ж.Вандандулам НЭ-ийн Халдвартын тасгийн эрхлэгч        2009
  • · П. Эрдэнэ-Очир Олонд туслах хувийн эмнэлгийн эзэн       2010
  • · З.Жаргалмаа НЭ-ийн БЗДХалдварын их эмч                        2010
  • · Л.Дамдинсүрэн ЭМГ-ын дарга                                                    2010
  1. 5.    Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт

Тус салбар нь төрөөс эрүүл мэндийн талаар гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ НЭМ-ийн болон эмнэлгийн тусламж  үйлчилгээг  цаг алдалгүй хөнгөн шуурхай  хүргэн, Эрүүл мэндийн тухай хуулийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаал, Аймгийн засаг даргын шийдвэрүүдээр Эрүүл мэндийн  газрыг  шинэчилсэн  бүтэц зохион байгуулалт,  орон  тоогоор ажиллаж байна.

Эрүүл мэндийн  газар  нь  Аймгийн  Засаг  даргын  эрхлэх  асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг  бөгөөд  Эрүүл мэндийн чиглэлээр  УИХ, Засгийн газар, ЭМСЯ-наас  болон  бусад  төрийн  захиргааны  төв  байгууллагаас  гаргасан бодлого шийдвэрийг  орон  нутгийн  түвшинд  зохион  байгуулах хэрэгжүүлэх, зохицуулах, хянах чиг үүрэг бүхий   Эдийн засаг, Удирдлага мэдээллийн,  Эмнэлгийн  тусламж үйлчилгээний, НЭМ-ийн  гэсэн 3 хэлтэстэйгээр  40 гаруй орон тоотой үйл  ажиллагаагаа явуулж  байна.

Эрүүл мэндийн удирдлагын хэлтсийн чиг үүрэг:

  • Эрүүл мэндийн эдийн засаг, төлөвлөлт, санхүүгийн  тайлан, нягтлан бодох бүртгэл
  • Хүний  нөөцийн  төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл, эмнэлгийн мэргэжилтний нийгмийн  болон ёс зүйн асуудал, шагнал
  • Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал
  • Эрүүл мэндийн статистик, бүртгэл, мэдээлэл
  • Мэдээллийн технологи, зайны  оношлогоо

Нийгмийн  эрүүл мэндийн төвийн чиг үүрэг

  • · Мэдээлэл Сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа
  • · Халдварт өвчний  тандалт, хяналт, эрт сэрэмжлүүлэх хариу арга арга хэмжээний үйл ажиллагаа
  • · Орчны эрүүл мэндийн  асуудал
  • · Халдварт бус өвчний  асуудал
  • · Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • · Хүүхэд  өсвөр үеийн  эрүүл мэнд

 Эрүүл мэндийн тусламжын хэлтсийн чиг үүрэг

  • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний  чанар
  • Улсын болон хувийн  хэвшлийн  түншлэлийн  зохицуулалт
  • Сувилахуй, ахмад настны  эрүүл мэнд, уламжлалт анагаах  ухааны, нөхөн  сэргээх  тусламж  үйлчилгээ
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн  төлөвлөлт, хангалт, барилга  байгууламж, засвар  үйлчилгээ гэх мэт чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Аймгийн нэгдсэн эмнэлэг  нь  үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх амбулатори, хэвтүүлэн эмчлэх, параклиник болон санхүү, аж ахуйн хэсэгтэй. Үйлчүүлэгчдэд оношлогоо, эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээх, нийгмийн эрүүл мэнд гэсэн үндсэн үйлчилгээг үзүүлэхээс гадна хоол хүнсний хангамж хадгалалт, харуул хамгаалалт, угаалга, телевиз, холбоо, эмийн сан, нийгмийн үйлчилгээ зэрэг бусад үйлчилгээг үзүүлдэг. 2003, 2006 онуудад магадлан итгэмжлэгдсэн.

Тус эмнэлэг нь тусламж үйлчилгээ, чанар стандарт, сувилгаа, хүний нөөц- сургалт сурталчилгааны, эдийн засаг – санхүү гэсэн 5 албатай, дотор, мэс засал, эмэгтэйчүүд, эмгэг, төрөх, халдварт, сүрьеэ, мэдрэл, арьс, сэтгэц, хүүхэд гэсэн эмчилгээний 11 тасагтай , поликлиникийн 21 кабинеттэй, параклиникийн  хангамж үйлчилгээ, үйл онош,нөхөн сэргээх, цусны банк, түргэн хүлээн авах,эмгэг судлал  гэсэн 6 тасагтай, 200 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Нийт орны 150 буюу 68.2 хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас, 70 буюу 31.8 хувь нь төсвөөс санхүүжиж байна. Жилийн нийт төсөв 2346280.9 мянган төгрөг, төсвийн 41.2 хувийг төсвийн татаасаар, 57.6 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, 1.2 хувийг өөрийн орлогоор бүрдүүлж байна.

Нэгдсэн эмнэлэг нь их эмч 73, сувилагч тусгай мэргэжилтэн 163, бусад ажилчид 93 бүгд 329 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Зайлшгүй шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн хангалт 59.4 хувьтай, 103 ын 2 машин, алсын дуудлагын 2, бусад үйлчилгээний 3, нийт 7 автомашинтайгаар түргэн тусламжийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай  хүргэж байна.

АНХДАГЧ ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГ

Өрхийн эмнэлэг нь анх 1999 онд ЭМГ-ын даргын 06 тоот тушаалаар  байгуулагдсан. Одоогийн байдлаар 6 өрхийн эмнэлэг нь 36000 гаруй хүн амд эрүүл мэндийн анхан шатны  болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 20 их эмч 20 сувилагч  нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хавсруулан ажиллаж байна. 2009 онд эмнэлэг бүрт УИХ-ын гишүүдийн багцаас хөрөнгө оруулалт хийгдэн 29 сая төгрөгний дуудлагын автомашинаар хангагдсан.

Анхан шатны эмнэлгүүдэд  хэвтүүлэн эмчлэх  403 ор ажиллуулан эмчлэх эрх бүхий 63 их эмч, 144 бага эмч, сувилах эрх бүхий 167 сувилагч болон бусад тусгай мэргэжилтэн 63 , 220 гаруй туслах ажилтантайгаар тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Аймгийн төвөөс 50 км-ын радиуст 2 сумын эмнэлэг, 50-100км-ын радиуст                                                                                                                                                                                                                   4 эмнэлэг , 100-200 км-ын радиуст 13 эмнэлэг,200-аас дээш км-ын алсад  4 эмнэлэг  хөдөөгийн нийт 115 багийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж  үйлчилгээг үзүүлж байна.

Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сум, өрхийн эмнэлгүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, түргэн тусламжийн парк шинэчлэлт хйих, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг  сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийснээр сумын эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн хангалт 60 хувьтай, сум дундын эмнэлэг 53 хувь, өрхийн эмнэлэг 68 хувьтай, түргэн тусламжмйн машины парк шинэчлэлт 92 хувь, мотоциклын хангалт 87 хувьд хүрсэн байна. Сум, өрхийн эмнэлгүүд нь бүтэц үйл ажиллагааны стандартыг амжилттай  биелүүлж 96,6 магадлан итгэмжлэгдэж, тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч сум, өрхийн эмнэлэгт  1 иргэн жилдээ 3,5-4 удаа үзүүлж тусламж үйлчилгээ авч байна.

Анхдагч шатлалын эмнэлгүүдийн нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, өвчний эрт илрүүлэлтийн тусламж үйлчилгээний хэрэгжилт хангалтгүй, өвчтэй хүнийг эмчилдэг тогтолцооноосоо салаагүй хэвээр, шатлал хоорондын хамтын ажиллагаа дутмаг байна.

БАЙГАЛИЙН ГОЛОМТОТ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АЛБА

БГХӨТА нь  байгалийн голомтот болон шинэ ба дахин сэргэн тархаж буй халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлэх,  хариу арга хэмжээ авах,  хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэхэд  чиглэсэн  хууль эрхийн актуудыг хэрэгжүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн болон хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагуудыг  мэргэжил арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагааг 24 орон тоотойгоор зохицуулан явуулж  байна.

БГХӨТАлба нь үйл ажиллагаандаа “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”, байгалийн голомтот болон шинэ ба сэргэн тархаж буй халдвараас хүн амыг хамгаалах талаар гарсан Монгол улсын хууль тогтоол, Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, тушаал, дүрэм, заавар, стандартуудыг хэрэгжүүлж орон нутагт зохион байгуулан ажиллаж байна.

Тус алба нь байгалийн голомтот болон шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа “Халдвартай ба сэжигтэй материалтай ажиллах дэглэмийн заавар”-ыг мөрдөн, байгалийн голомтот болон шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний үүсгэгчийн экологийн орчныг судалж голомтын төлөв байдлыг тогтоон, хүн амын дунд тандалт судалгаа хийж эпизотологийн тархвар судлалын эрсдлийг тогтоон ажиллаж ирлээ.

Шинжилгээ оношлогооны явцад илрүүлсэн өвчний үүсгэгчийн өсгөврийг БГХӨСҮТөвийн лабораторид хүргэн баталгаажуулан гадаад хяналт хийлгэж ажилладаг. Хүн амын дунд байгалийн голомтот болон шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчнөөс сэргийлэх талаар  эрүүл мэндийн боловсрол олгох, орон нутагт сэжигтэй тохиолдол гарсан үед эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах  дуудлагын бэлэн байдлыг ханган ажиллах дадлыг эзэмшүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА

Эм хангамжийн 54 байгууллага аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаас Нэгдсэн эмнэлгийн эмийн сан, Монгол Эм Импекс Концерны  Хөвсгөл дэх салбар охин компани, хувийн хэвшлийн 25 эмийн сан ,5 ЭХНБ, сумдын 23 эмийн эргэлтийн сангуудад 8 эм зүйч, 72 эм найруулагч нийт 80 гаруй мэргэжилтэн  эм, хангамжийн тусламж үйлчилгээг , үзүүлж байна.

2002 оны 5-р сараас эхлэн  НҮБ-ын хүүхдийн сангийн *БАМАКО* төсөл хэрэгжиж, 23 суманд эмийн эргэлтийн санг 53.2 сая төгрөгний эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэйгээр байгуулж, сум багийн иргэдэд эм,эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй жигд хүртээмжтэй ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар ЭЭС-ийн эргэлтийн хөрөнгө 123.0 сая-д хүрч үйл ажиллагаа нь тогтмолжсон.

1990 оноос эхэлсэн зах зээлийн чөлөөт эдийн засаг эм хангамжийн салбарт нөлөөлж хувийн хэвшлийн эм хангамжийн салбар 98%-ийг эзлэх болсон байна.

ЭМГ нь Эм хангамжийн байгууллагуудыг удирдлага, мэдээлэл, арга зүйгээр ханган,  Аймгийн Нэгдсэн эмнэлэг, 18 сум ,5 СДЭ-үүдийн эм,эмнэлгийн хэрэгслийн хангамжийг *Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль*-ийн дагуу жил бүр 480.0 сая төгрөгний нээлттэй тендерийг зарлан явуулж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН САЛБАР

Хөвсгөл аймагт анхны хувийн хэвшлийн  “Тана “эмнэлэг 1993 онд байгуулагдаж эрүү, нүүр ам судлалын чиглэлээр үйл ажиллагааг үүдэн хэлбэрээр явуулж эхэлсэн. “Ренчинжугнай” ортой хувийн хэвшлийн анхны эмнэлэг нь 1998 онд 7 ортойгоор байгуулагдаж элэг цөсний эмгэгийг оношлох эмчлэх, сувилах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

Одоо  дотор, уламжлал, хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүдийн чиглэлээр ортой хувийн хэвшлийн 7 эмнэлэг ажиллаж байгаагаас аймгийн төвд  6 эмнэлэг,суманд 1 эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүд  эрүүл мэндийн даатгалын сангаас ор хоногоор санхүүжиж байснаа 2010 оноос сонгон шалгаруулалтаар санхүүжихээр сонгон шалгаруулалтанд орж бүгд тэнцсэн. Мөн 2003. 2005. 2009 онуудад магадлан итгэмжлэгдэж тусламж үйлчилгээний чанарыг хөгжүүлэх хөтөлбөртэйгээр ажиллаж байгаа ба дотрын 29 , уламжлалын 29, мэс заслын 12 , хүүхдийн 12 эмэгтэйчүүдийн өвчний тусламж үйлчилгээний 10 ор, нийт 92 ор ашиглан жилд дундажаар  4000 гаруй хүн хэвтүүлэн эмчилж, орны эргэлт 42.4, дундаж ор хоног – 7.7 ба  31200 орчим ор хоног ашиглаж аймгийн нэгдсэн эмнэлгийн ачааллаас хөнгөвчилж байна.

Үүдэн эмнэлэг аймгийн хэмжээнд нийт 13 ажиллаж байгаагаас хүүхдийн 1, шүдний -4, мэдрэлийн -1, чих хамар хоолойн-1, эмэгтэйчүүдийн – 4, ЭХО-гийн – 1 тус тус ажиллаж жилд дунджаар 19000 орчим хүнд үзлэг хийж үүнээс 33.5% нь урьдчилан сэргийлэх үзлэг эзэлж байна.

Ортой болон үүдэн эмнэлгүүдэд их эмч 12, бусад дээд мэргэжилтэн – 2, сувилагч тусгай мэргэжилтэн – 19, бусад  ажилчид 22 ажилладаг.

Сэтгэгдэл үлдээх